Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-Адрага, Хэрлэн, Норовлин, Баян-Овоо, Дорноговь аймгийн Их хэт, Дорнод аймгийн Баяндун гэсэн 4 аймгийн 8 суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол малыг эрүүлжүүлэх” 2-р төслийн хүрээнд 2,6 сая тун вакцин, 3,0 тэрбум төгрөгөөр 4,8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авсан. Энэ хүрээнд эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь гэсэн 5 аймаг, нийслэлийн 9,4 сая мэдрэмтгий малыг вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р вакцинжуулалт 85 хувьтай хэрэгжиж байна. Уг вакцинжуулалтыг 14 хоногийн давтамжтайгаар 2 удаа хийх бөгөөд эцсийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 5-ны дотор дуусгахаар төлөвлөж байна. Вакцинжуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт хийх, үнэлгээ өгөх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахлан ажиллаж байна.
Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зүүн гурван аймагт ажиллаад ирсэн. Гоц халдварт өвчинтэй тэмцэх ажил зарим аймаг, сумын Засаг дарга, малчдын хариуцлагагүй үйлдлээс болж төрийн ажил цалгардаж байгааг онцоллоо. Тухайлбал Дорнод аймгийн Баяндун сумын нэгэн малчин өвчилсөн малаа устгуулахгүй, дур мэдэн антибиотикийн эмчилгээ хийсэн байна. Малын гоц халдварт шүлхий өвчнийг дур мэдэн эмчлэх, хорио цээрийн дэглэм зөрчсөнөөс дахин голомтууд нэмэгдэн, халдварт өвчин газар авсаар байгааг анхаарах хэрэгтэй байна. Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын ажилд хариуцлагатай, ухамсартай хандахыг нийт малчдаасаа хүсэж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын удирдлагууд замаа хааж, голомтын бүсээс хужир татах ажлаа зогсоогоогүйгээс мөн 1 сарын өмнө Түвшинширээ суманд шүлхий өвчин гарсан даруйд аймгийн ХХААГ-аас ирүүлсэн вакцины тарилгыг зохион байгуулалгүй удаашруулснаас Уулбаян суманд шүлхий оношлогдсон байна. 2017 оны 10-р сарын 27-ны шинжилгээгээр шүлхий өвчний халдвар тээгч мал илрэн, оношлогдсоор байтал тус сумын Засаг дарга н.Шижирбаатар болон холбогдох мэргэжилтнүүд хорио цээрийн постоо гаргаагүй, устгалын арга хэмжээгээ хэрэгжүүлээгүй, машин техникээр хангалгүй төрийн ажлыг удаашруулж байна.
Вакциныг аймгаас сум, сумаас баг, багаас малчны хот хүртэл тээвэрлэх, хадгалах зориулалтын техник хэрэгсэл, агуулах байхгүй байгаа нь вакцины чанарт сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малын эмч н.Батмөнх нь гэрт орны хөндийд вакцинаа хадгалсан, Хэнтий аймгийн Баян-Адрага сум Тамгын газрынхаа байранд вакцин хадгалсан гэх зэрэг үйлдэл төрөөс малчид урүү чиглэсэн хөрөнгө мөнгийг салхинд хийсгэж байгаатай адил үйлдэл учраас дээрх ноцтой зөрчил дутагдал гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле онцлон хэллээ.