Шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байхыг анхааруулав

Улсын хэмжээнд өнгөрсөн хоёр, гурав хоногт үргэлжлэн орсон цасны улмаас орон нутгийн зам, даваанд халтиргаа, гулгаа үүсч байгаа ч одоогоор албан ёсоор хаасан зам байхгүй гэдгийг Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 09-нд орсон их хэмжээний цасны улмаас Өвөрхангай аймгаас Баянхонгор орох зам болон Дундговь аймгийн Ногоон дов орчмын замд халтиргаа үүсч түр хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Дээрх аймгуудын удирдлагуудын холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авснаар зорчих хөдөлгөөнийг эгүүлэн нээжээ.

Одоогоор хаасан зам даваа байхгүй ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нарыг орон нутгийг зорихгүй байх, зайлгүй шаардлагатай тохиолдолд хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулав.