С.Эрдэнэ: Шаардлагатай бол ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг огцруулах хүртэл тэмцэнэ

АН болон УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох үндсэн гурван заалт бүхий шаардлагыг хүргүүллээ.

Шаардлагын талаар АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ хэмээн” тунхагласан.

Гэвч УИХ-ын сонгуульд олонхи болмогцоо сонгуулийн мөрийн хөтөлбөрөө умартаж, амлалтынхаа эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа МАН-ын Засгийн газарт татвар, агаарын бохирдол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хугацаатай шаардлага хүргүүлж байна. Хэрэв УИХ-ын Намрын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө шаардлагын хариуг өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгож, улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

Цаашлаад амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.