12 аймаг газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сантай боллоо

Өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн “аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил  мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа”, “инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг” хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэллээ. 

Тэрээр Монгол Улсын Засгийн газар “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2009 оны 157 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урьд өмнө судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй 12 аймгийн төвийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлтийн мэдээллийн санг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Одон орон, геофизикийн хүрээлэн 2012 оноос 2017 оны хооронд амжилттай хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн хүлээн авч байгаа “газар хөдлөлийн бичил мужлал”-ын мэдээллийн сан нь хот, суурин газрын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулахад шаардагдах газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамжийг тодорхойлсон нь гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломж бүрдээд байна” гэв.

Энэхүү ажлын хүрээнд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай нийт 12 аймгийн төвийн газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан үүссэн ба уг мэдээллийн санг ГЗБГЗЗГ-ын “Үндэсний орон зайн мэдээллийн сан”-д нэвтрүүлж хэрэглээнд гаргахад бэлэн болоод байгаа юм байна.

Мөн “Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 78 дугаар тогтоол, “Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай” Засгийн газрын 25 дугаар тогтоол зэрэг баримт бичгийг үндэслэн хэрэглэгчдийг шугам сүлжээний нэгдсэн мэдээллээр хангах, “Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн нэг бүрдэл болох “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл”-ийн зарим хэсгийг бүрдүүлэх зорилгоор 2013-2017 онд БХБЯ-аас “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг хэрэгжүүлж “Боригтэс”, “Геоценоз” компаниуд 19 аймгийн төвийн суурьшлын бүсийн хэмжээнд  газар доорх болон газар дээрх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн зураглалыг хийж гүйцэтгэн 2017 онд захиалагчид бүрэн хүлээлгэн өглөө. Уг ажлыг хийж гүйцэтгэснээр инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээлэл аймгийн төвүүдийн хэмжээнд холбогдох байрзүйн зураглал, тайлан, судалгааны материалуудын хамт бүрдэж, орон нутгийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын төлөвлөлт, мониторингийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн эх үүсвэртэй болж, газар хөдлөлийн гамшиг тохиолдсон үед сэргээн босголтын ажил явуулах төлөвлөгөө боловсруулах, сэргээн босголтын ажил гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан гарын авлага, мэдээллийн сан бүрдсэн нь өндөр ач холбогдолтойг салбарынхан онцолсон юм.

Эх сувалж: www.mcud.gov.mn