Су.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дуурайж "хөлөө хөлдөөв" үү

Саяхан БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Мёнжи эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг эмнэлэгт очиж эргэсэн. Ард түмний хайртай яруу найрагчийг хүний нутагт эмчлүүлж байхад нь Ерөнхий сайд нь эргэж, тойрсон мундаг хэмээн сошиал хэрэглэгчид магтан дуулсан. Мэдээж хэн хүнд сайхан мэдээ байсан. Тэгвэл үүнээс санаа авсан уу яасан. Юутай ч "нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд Хавдар судлалын үндэсний төвд элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ" гэх мэдээг ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээд байна. Нөгөө “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчийн үлгэр шиг л юм болж байна хэмээн шуугих хүн цөөнгүй байна. Уг нь  хотын даргад хийх ажил олон л байлтай. Гэтэл хэвлэл мэдээллээ дагуулаад цэцэг, навч бариад эмнэлэгт хүн эргэж байна хэмээн "шоу" хийгээд явж байх нь хэр зохимжтой юм бол доо. Нүдэнд харагдаж, гарт баригдахаар дэмжлэг үзүүлж чадахгүй л бол гадны бохир оруулах гэж байгаа мэт цэцэг бариад хэвлэл дагуулаад очиж байгаа нь нүдээ олоогүй асуудал байв уу даа.