Тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх хуулийг өргөн барив

Тэтгэврийн насыг сонголттой, хувь хүний орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьлаа.

Хуулийн төслүүдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байна. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.

Тус хуулийн төслүүдийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх аж.