Ч.Хүрэлбаатар:ОУВС-гийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайсан

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарлаа хэмээн тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб мэдэгдлээ.

Ийнхүү богино хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлснийг тэрээр онцолсон юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “ОУВС-гийн Ажлын хэсэг нэгдүгээр сарын 25-наас Монгол Улсад ажиллаад буцаж байна. Тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2017 оны хувьд манай эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам. доллараар хэмжигдэж, 2017 оны эхэнд 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийхээс эхлээд маш хүндрэлтэй нөхцөл байдалтай бид нүүр тулсан. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр жилийн хугацаанд эдийн засаг сэргэж 5 хувийн өсөлт үзүүллээ. Мөн Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларыг давж, 1.1. сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гээд эерэг үзүүлэлт эхнээсээ гарч байна. Түүнчлэн төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй. Тус сангаар дамжин Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнууд бидэнд нааштайгаар хандаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайсан. Манай улсын зээлжих зэрэглэл ахисан хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой. Ер нь богино хугацаанд дорвитой арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засаг сэргэж байгаа сайн үзүүлэлт харагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа учраас бид зарим татварын нэмэгдлийг бууруулах зэргээр асуудлуудаа эргэж харж байна. Тухайлбал, ХХОАТ-ын шаталсан хэмжээг буурууллаа. Тэтгэвэрт гарах насан дээр бас өөрчлөлт гарсан байгаа. Одоо эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарахыг хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхийг нь нээж өгөхөөр боллоо.

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб: Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд монголын эдийн засаг 2018 онд 5 орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Засгийн газрын бодлогын тохиргооны хөтөлбөрийг ОУВС тэргүүтэй хандивлагчид 5.5 тэрбум ам. долларын санхүүжилтээр дэмжиж байгаа бөгөөд 2017-2018 онуудад эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн. ГВАН-ийг 1.8 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн. Засгийн газрын өр огцом багассан зэрэг нааштай үр дүн гарлаа. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж хүүгийн түвшин бууран, Засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарийг эрс сайжрууллаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд хэд, хэдэн эрсдэл байсаар байна. Тухайлбал түүхий эдийн гадаад эрэлт буурах, газрын тосны үнэ өсөх хандлага байгаа. Дээрх эрсдлээс хамгаалах хөрөнгө нөөц хангалттай бүрдээгүйг харгалзан үзвэл төсөв мөнгөний бодлогууд зохистой хэвээр байх шаардлагатай. Банкны системийг бэхжүүлэх, татварын боловсронгуй тогтолцоог бий болгох төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулах нь зүйтэй” гэв.
Валютын сангийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс гадаад өр төлбөрийн асуудлыг нааштай шийдэж, гадаа валютын нөөц 1.5 тэрбум ам.доллараар өссөнийг ОУВС-гийнхан онцолсон.

Засгийн газрын өр 10 хувиар буурсан үзүүлэлт гарч, эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан учраас хүн амын орлогын албан татварыг буцааж, хуучнаараа 10 хувиар тогтоохоор болсон. 2018, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан цалин нэмэх шийдвэрт хүрсэн гэдгийг Сангийн сайд энэ үеэр дуулгаж байлаа.