Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оржээ.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байв.
Гэвч БСШУС-ын сайд өнөөдөр тушаал гаргаж, Нийслэлийн ЕБС-ийн амралтыг 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-н хүртэл амраах болжээ. Харин аймаг, сум, багийн сургуулиудыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 08 хүртэл амраахаар боллоо.

Түүнчлэн хичээлийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт орсон байна. Өмнө нь зуны амралтыг бага анги 5 дугаар сарын 25-наас дунд ахлах анги 6 дугаар сарын 08-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнхан 6 дугаар сарын 08-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 15-наас амрахаар болов.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл 5 хоног тасраад байсан. Энэхүү тасалдсан хоногийн хичээлийг гурав болон дөрөвдүгээр улиралд багтаан багш, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр нөхөн судлах ажлыг зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад үүрэг болгожээ.