Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхийг хүслээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны ажлын дарга Т.Гантөмөр өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 компанийн удирдлагатай уулзаж, нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцаж тэдний санал бодлыг сонслоо.

Уулзалтад ирсэн компанийн удирдлагууд энэ үеэр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт явуулах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл 7-гоос дээш жилээр илүү насжилттай тээврийн хэрэгсэл үйлчилгээнд цөөнгүй явдаг, хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн болохыг хотын ерөнхий менежерт дуулгаж байв.

Мөн смарт карт цэнэглэх цэгийн үйл ажиллагааг сайжруулах, дамжин суултын хөнгөлөлтөөс алдаж буй алдагдлыг нөхөх, эцсийн зогсоолын гэрэлтүүлгийг нэмэх, ажиллах орчны нөхцлийг сайжруулж цалин хөлсийг цагт нь олгох зэрэг саналуудыг хэлж шийдэж өгөхийг хүсэв.

Уулзалтын төгсгөлд Т.Гантөмөр ерөнхий менежерийн чиг үүргийн хүрээнд эдгээр саналуудыг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах, цаашлаад Засгийн газар, УИХ-ын түвшинд хүргэж ажиллах болно гэдгээ мэдэгдэв.