УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ... /2-р хэсэг/

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллах нь ажиллаж, золгуут, зугаалга хийх нь хийж байна.

Н.Оюундарь гишүүн өөрийн нэрэмжит шатарчдын аварга шалгаруулаад...

-Эрхэм гишүүн  “Улсын аварга малчин” шагнал гардуулаад "Малчин түмний маань ажил үйлс ямагт өөдрөг байж, мал сүрэг нь түм түмээр өсөж, амьдрал ахуй нь дэвжин дээшилж байхын ерөөлийг дэвшүүлье" гэж ерөөгөөд ирсэн гэнэ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Оршихын Оюунчимэг “Улсын аварга малчин”-аар шалгарсныг гардуулан өгсөн гэнэ.

-УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн нэрэмжит өсвөрийн шатарчдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг  Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулжээ.

Н.Амарзаяа гишүүн сүү, будаа тараагаад...

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа сар шиний босгон дээр ахмадуудад сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлийг өргөөд, сүү, будаа тараагаад иржээ. Энэ талаар тэрбээр "Уулзалтанд оролцсон ахмад маань төр засгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл авч, урлагийн тоглолт үзэж, УИХ-ын гишүүний гарын бэлэг аваад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн" гэжээ.

Эрхэм гишүүн "Алтан ишигний эзэн" шагнал гардуулжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат малчин Л.Баярсайхан, гэргий Г.Цэнд-Аюуш нар МҮОНТ-ийн "Таван-эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит шагнал гардуулсан ажээ. 

Ш.Раднаасэд гишүүн иргэдэд Далай багшийн аравнайлсан сахиус, утлага, маань үрэл тараалгаад...

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд иргэдэд Далай багшийн аравнайлсан сахиус, утлага, маань үрэл хүртээлгэсэн гэнэ. Тодруулбал, түүний урилгаар Энэтхэгийн Сераже дацангийн болон Гандантэгчэнлин хийдийн гэвш, багш, лам нар 2 дахь жилдээ Хаврын тэргүүн сарын шинийн найманы билэгт сайн энэ өдөр Алтай нутагт минь хүрэлцэн ирж сүсэгтэн олондоо буян ном хурж Далай багшийн аравнайлсан сахиус, утлага, маань үрэл хүртээн адис өгсөн ажээ.

Эрхэм гишүүн иргэдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг тараажээ.

Б.Жавхлан гишүүн ном хийж тараагаад...

УИХ-ын гишүүн Б.Жавхлан JCI Darkhan салбар байгууллагатай хамтран Дэйл Карнегийн "Амжилтанд хүрэх ур чадварууд" сургалт зохион байгуулжээ. Энэ талаар тэрбээр "Энэхүү сургалт нь эдүгээ 9 сая орчим хүний мэргэжлийн карьерыг дээшлүүлж, амжилтанд хүргэсэн. Тэдний эгнээнд элсэх боломж Дарханы залууст маань бас олдож байна" хэмээжээ. Түүний хэлж буйгаар тун удахгүй сургалтад  суусан Дарханы залуус мэргэжлийн карьерыг дээшлэх бололтой.

Эрхэм гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ном хийж тараагаад, иргэдийн асуултад хариулт өгч уулзсан байна.

Үргэлжлэл бий...