“АСПАК-2017“ Манлайлагч 3500 залуу Монголд ирлээ

Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна.

Чуулганы хүрээ нь Ази-Номхон далайн 22 орны төлөөлөгчдийг хамрах ч өнөөдрийн байдлаар 51 орны 3500 орчим залуу манлайлагчид хүрэлцэн ирээд байна. Энэ сарын 8-11 хүртэл нийт дөрвөн өдөр үргэлжлэх чуулганы хүрээнд 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм. Эхний өдөр буюу өнөөдөр JCI байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч нарын уулзалт, нарийн бичгийн дарга нарын уулзалт, Сангийн уулзалт зэрэг арга хэмжээ болж байгаа бөгөөд хамгийн чухал нь өнөө орой “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болох Нээлтийн ёслол юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээг өмнө нь болж байгаагүй өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж ажлаа хангаж дууссан талаар ажлын албаныхан ярьж байв. “АСПАК” нь хамгийн том бүсийн чуулган учраас “JCI”-ийн дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд хүрэлцэн ирээд байгаа юм.

“АСПАК-2017” чуулганы арга хэмжээнүүд "Шангри Ла", "Туушин", "Улаанбаатар", "Блю Скай", "Корпорайт" зочид буудлуудад нэгэн зэрэг болж буй бөгөөд Ерөнхий ассемблей 3, гишүүддээ зориулсан сургалт 16, албан ёсны 10, форум 5, бизнесийн худалдааны үзэсгэлэн 3, ёслолын арга хэмжээ 3, гала тоглолт 3, Үндэсний онцлогийг харуулсан үдэшлэг 5 удаа зохион байгуулах юм байна. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв байх бөгөөд тодруулбал Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэх юм. Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болж, улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэгийг зохионо.

Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалтыг ийн Монгол Улсад зохион явуулж байгаа нь тус байгууллагад эзлэх манай улсын нэр хүнд, байр суурийг илтгэж буй бөгөөд чуулганаар дамжуулан Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжүүлэх, бизнес эрхлэх гарц боломжийг нээх, олон улсын манлайлагч залуустай хамтарч хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгох, “JCI”-ийн гишүүн 120 гаруй оронд ронд улсаа сурталчлах, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээнд шууд орлого оруулах гээд олон талын ач холбогдолтой.