Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон нийслэл дүүргийн албаны төлөөллүүд оролцов.

Өнөөдрийн байдлаар Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.