Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасан юм.

Энэ жил улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдсан 8600 орчим эмэгтэйн 454 нь Баян-Өлгий аймгаас шагнагдаж байгаа аж.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 53 дугаар зарлигаар тус аймгаас 74 ээж І зэргийн одон, 380 ээж ІІ зэргийн одонгоор тус тус шагнагдсан юм.

Одон гардуулах үйл ажиллагааг М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Нансалмаа, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч Х.Бахытхумар нар гардуулан баяр хүргэлээ.

Мөн үүний дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхдийн баярыг тохиолдуулан ихрүүдийн баярыг хамт орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж хэвших, тэдний нийгэм дэх оролцоо алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан “ИЖИЛ ЗАЯА” ихрүүдийн фото зургийн уралдаанд амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан ихрүүдийн шагналыг болон Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлах чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг 16 нас хүрсэн сурагчдын Иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулж иргэний үнэмлэхээ гардууллаа