О.Баярмаа: Элгээ дагаад тархины үйл ажиллагаа ч дорддог

Дэлхийн гепатитын өдөр өнгөрсөн хагассайн өдөр тохиосон. Эл өдрийг угтан Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийгдсэн бөгөөд ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын газрын ба Гепатитын дэлхийн хөтөлбөрийн дарга Готфрид Хирншол болон Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург нар манай улсад иржээ.

Дэлхий дахинд 325 сая хүн вируст гепатитийн архаг халдвартай амьдарч буй бөгөөд жил бүр 1.3 сая нь элэгний хатуурал, хорт хавдраар нас барж байна. Харин манай улсад элэгний В, С вирусийн идэвхтэй халдвартай 300-400 мянган хүн бий. Элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, хэрхэн сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаатай ярилцлаа.

-Элэгний өвчлөл Монгол төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Энэ эрхтнийг гэмтээдэг хүчин зүйлүүд нь юу юм бэ?

-Халдварт ба халдварын бус шалтгаанаар элэг гэмтдэг. А, В, С, Д, Е, ТТ зэрэг вирус нь халдварын шалтгаан болдог бол эмийн бодис (парацетамол, сүрьеэгийн болон зарим төрлийн ургамлын гаралтай эм), архи, таргалалт, дархлааны эмгэгүүд халдварын бус шалтгаанд багтдаг юм.

Ялангуяа элэгний хурц дутагдалд хүргэдэг эм бол парацетамол. Дутуу угааж, ариутгаснаас бохир гарын буюу манайхны хэлдгээр хурц шар өвчин халдварладаг. Эдгээр вирусээс шалтгаалж элэг гэмтэх тохиолдол их учраас дэлхий нийтээрээ В, С вирусийн эсрэг зайлшгүй тэмцэх шаардлагатай.

Өнгөрсөн оны судалгаагаар манай улсад В вирусийн тархалт 9.8, С вирусийнх 8.7 хувь буюу нийт хүн амын 9-10 хувь нь элэг гэмтээгч вирусийн халдвартай, үүнээс 300-400 мянган хүн идэвхтэй халдвартай байна. Өнгөрсөн онд 353 мянга гаруй хүн вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.

-Элэг хэмээх эрхтэн өвчилж эхэлсэний хамгийн эхний дохио яаж илэрдэг вэ?

-Хүний биеийн хамгийн том лаборатори эрхтэн бол элэг. Яагаад гэхээр элэг хоргүйжүүлэх, цөсийг үүсгэх, ялгаруулах, цус бүлэгнэлт, бүх төрлийн бодисын солилцоонд оролцох уураг, даавруудыг нийлэгжүүлэх зэргээр бие махбодын бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангадаг.

Элэг гэмтэхээр эдгээр үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Ингэхээр хамгийн түрүүнд ядарч, сульдах шинж илэрнэ. Зүгээр байж байгаад л ядарч, байнга хэвтэж амармаар санагдан, хөдөлмөрийн чадвар буурдаг. Ялангуяа элэгний хурц үрэвслээр өвдсөн хүүхэд доошоо харж хэвтээд байдаг даа. Энэ эрхтэн хурц үрэвсэхээр хэмжээгээрээ томорч, хавагнадаг учраас хөдөлгөөн хийхээр илүү их өвддөг.

Халуурах, үе мөчөөр нь өвдөх, хамаг бие нь шархирах зэрэг ханиадны үеийнх шиг шинж илэрч болно. Мөн арьс, нүдний салст шарладаг. Ядарснаа үл тоож явсаар нүдний салст нь шарласан тохиолдолд анзаарч, элгээ өвчилснийг мэддэг хүн цөөнгүй.

-Ийм шинж илэрсэн тохиолдол эмчид хандаж, онош тодруулах нь зөв биз дээ?

-Ядарч сульдах, арьс шарлах, хамраас цус гарах, халуурч эхэлбэл вирусийн халдвар авсан, эсэхээ оношлуулах ёстой. Цусаар дамжин халдварлах В, С төдийгүй бохир гараар дамждаг А, Е зэрэг вирусийн халдвар авсан, эсэхээ тодорхойлуулах шаардлагатай.

-Вирусийн халдваргүй хэрнээ элэгний архаг үрэвсэлтэй хүн байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Би түрүүн элэг гэмтээх нийтлэг шалтгааныг хэлсэн. Үүн дээр нэмэгдэж тухайн хүний дархлаа нь гаж байдлаар явагдаж, эсрэг биет үүсгэн элгийг гэмтээх нь бий.

-Элэгний хавдар монголчуудын дунд хамгийн түгээмэл. Дээрх шалтгаанууд хавдар үүсгэх үү?

-Тийм ээ. Эдгээр шинж тэмдгийг тоохгүй, өвчнөө оношлуулж, эмчлүүлэхгүй явснаас хавдар үүсдэг. Элэг дүлхий эрхтэн. Тодорхой хэмжээгээр томорч, гадна талаар нь бүрхсэн уутанцар нь чинэрээд ирэхээр л өвдөлт мэдрэгддэг. Түүнээс наана өвддөггүй. Ядарч сульдах байдал л давамгай илэрдэг.

Тиймээс жилд элгээ тогтмол үзүүлэх ёстой. Жишээлбэл, В, С вирусгүй хүн ч шинээр халдварт өртсөн, эсэхээ мэдэж, элэг өөхөлсөн болон буруу хооллолт, амьдралын хэв маяг нь өвчин үүсгэх эрсдэл болж байна уу гэдгийг байнга бодох хэрэгтэй.

-Элэгний С вирусийг устгах эм дэлхийд гарч, олон хүн эдгэрч байна. Харин В вирусийг устгах эм одоогоор алга. В вирусийн эмчилгээний талаар тодруулахгүй юу?

-2015 оноос дэлхий нийтээр С вирусийн эсрэг эмчилгээнд хувьсгал гарсан. Уг вирусэнд шууд үйлчилдэг эмүүдийг судлаачид гарган, олон хүнийг өвчнөөс нь салгаж байна. Энэ эмийг элэгний үрэвсэлтэй бол гурав, хатууралтай бол зургаан сар ууж хэрэглэдэг.

Харин В вирусийг эмчлэхэд удаан хугацаа шаарддаг юм. В, D хавсарсан вирустэй хүмүүсийн олонх нь D вирусийн идэвхжил ихтэй байна. Эмчилгээ удаан үргэлжилдэг учраас хүмүүс эмийг таслах, залхаад хаях тохиолдол цөөнгүй. В вирусийн идэвхжлийг нь дарангуйлах эмүүд бий.

-Тэгэхээр В вирусийн эмийг насан туршдаа ууна гэсэн үг үү?

-Элэгний өвчлөл нь ямар үе шатанд байгаагаас шалтгаалж эмчилгээ нь өөр. Өвчтөнөөс маш их тэвчээр, чин сэтгэл шаарддаг. В вирусийн хувьд халдвартай эхээс урагт дамжих эрсдэл 90 хувь. Төрөх үед ямар нэг байдлаар арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг гэж үздэг.

Гэхдээ В вирусийн эсрэг эм уугаад амаржиж, хүүхэдтэй болсон эхчүүд олон. Харин эхээс урагт дамжих халдвараас сэргийлж чадаж байгаа, эсэх нь асуудалтай. Тэгэхээр ийм вирустэй эмэгтэйчүүд жирэмслэх, төрөхдөө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.

-В вирусийн эсрэг эм уугаад байвал элгээ хамгаалж чадах уу?

-Элгийг гэмтээхгүй гэж л эм ууж байгаа. Харин тогтмол уухгүй, таслаад байвал вирус тухайн эмд тэсвэртэй болдог. Вирусийн идэвхжил дахин сэргэж, элэгний өвчлөл илүү хурдацтайгаар хүнд хэлбэр рүү шилжих аюултай.

Элэг шилжүүлэн суулгах нь эцсийн шатанд өвчтөний амийг аврах арга. Наана нь энэ халдвараас сэргийлэх боломж бий.

-Яаж сэргийлэх вэ?

-Вирусийн талаар иргэд үнэн зөв мэдээлэлтэй болох. Ингэхдээ цэцэрлэг, дунд болон их, дээд сургууль, ажилчид гээд тухайн хүний амьдралын хэв маягтай нь уялдуулж, эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Тухайлбал, хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлдэг хүмүүст тусад нь сургалт явуулж байж энэ халдвараас сэргийлж чадна.

Урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө сайн зарцуулмаар байна. 1991 оноос Монгол Улс хүүхдүүдээ В вирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Нярайд төрөнгүүт нь 24 цагийн дотор энэ вакциныг хийдэг. Жирэмсэн эмэгтэйн В вирус нь идэвхжсэн, эсвэл үүний эсрэг эм ууж байгаа бол төрсний дараах тариаг 12 цагийн дотор хүүхдийг вакцинжуулах, вирусийн эсрэг иммунглобулин тарих ёстой.

Гэтэл хөрөнгө мөнгөний асуудлаас болж улсын эмнэлэгт энэ тариаг хийхгүй байна. Хувийн хэдхэн эмнэлэг л хийж байгаа. Эрсдэл өндөртэй эхээс төрж буй хүүхдэд заавал энэ тариаг хийх хэрэгтэй. Эрүүл эхээс төрсөн бол вакцин хийлгэхэд болно.

-С вирустэй хүн D-гийн халдвар авдаггүй хэрнээ В-тэй нь яагаад хавсарсан халдвартай байдаг юм бэ?

-D вирусийн онцлог нь В вирустэй хүнд давхар халдварладаг. Гэхдээ С-тэй хэрнээ D-гийн халдвар авсан хүмүүс бий.

-Вирус нь идэвхгүй буюу унтаа байдалд байна гэдэг. Энэ аюулгүй гэсэн үг үү?

-Вирус тоологдохгүй байгаа тохиолдолд идэвхгүй гэж үздэг. Гэхдээ вирустэй гэж оношлогдсон л бол жил бүр идэвхжлээ тоолуулах ёстой. Идэвжсэн байвал эмчилгээнд орно. Тухайн хүний дархлаа сайн байвал вирус нь идэвхжихгүй байж болно.

-Элэгний вирустэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхэд ямар хүндрэл гардаг вэ. Хүүхдэд нь халдварлах уу?

-В вирус нь идэвхтэй байгаа тохиолдолд жирэмсний 28 долоо хоногоос нь эхлэн вирусийн эсрэг эм уулгаж, ургийг хамгаалдаг юм. Элэгний архаг үрэвсэлтэй эхчүүд вирусээс хамгаалах эм уугаад төрөхөд хүүхдэд халдварлахгүй байж болно. Цирроз буюу элэгний хатууралтай эхийн биеийн байдал хүндэрсэн бол ургийг таслахаас өөр аргагүй.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Элэг хүний тархитай холбоотой гэж үздэг. Элэгний үйл ажиллагаа алдагдахаар тархинд муугаар нөлөөлдөг. Тиймээс элэгний өвчтэй хүний ухаан санаа нь самуурлаа гэдэг. Стрессгүй, тайван, аз жаргалтай байвал элэг баярлана. Байнга бухимдаж, нойр, хоолгүй явах, архи их уугаад байвал элэг тэр хэрээр муудна.

Мөн үсчин, гоо сайхны газруудаар үйлчлүүлэхдээ нэг удаагийн ариун багаж хэрэглэж байгаа, эсэхийг анхаарах нь чухал. Арьс, салст ямар нэгэн байдлаар гэмтсэн л бол вирусийн халдвар дамжих магадлалтай. Зарим тохиолдолд нэг удаагийн багажийг ариутгаж дахин хэрэглэх явдал байдаг. Мэс заслын багажийг ч дахин авах төсөвгүй учир ариутгаад хэрэглэж байна. Энэ явцад алдаа гарахыг үгүйсгэхгүй.

Манай эмнэлэг, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Гастроэнтерологийн тэнхмийн багш нар Тайвань улсын эрдэмтэдтэй хамтран гепатит вирусийн тархах замыг судлах төсөл хэрэгжүүлж байгаа. Тэд улс, хувийн болон орон нутгийн, төрөлжсөн мэргэжлийн бүхий л эмнэлгээр орж, халдвар, хамгааллын байдал хэрхэн алдагдсан, яавал зөв тийш нь эргүүлж, сэргийлэх вэ гэдэг арга замыг тодорхойлж байна. 2017 онд эхэлсэн төсөл маань ирэх онд дуусна. Тайвань бол элэгний вирусийн халдварыг дэлхийд хамгийн сайн бууруулж чадсан улс.

-Танай төвийн онцлогийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Ачаалал их байна уу?

- Манай төв элэг, цөс, нойр булчирхай, ходоод гэдэсний эмгэгийн чиглэлээр улсын хэмжээ ний лавлагаа, тусламж, үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэдэг. Амбулатори, хэвтүүлэн эмчлэх, дурангийн оношилгоо, эмчилгээ, элэг шилжүүлэн суулгахын өмнөх бэлтгэл ба дараагийн хяналтын асуудлыг хариуцан ажиллаж байна.

Манай төвд жилд дунджаар 1200 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг. Өнгөрсөн онд бид 14 908 хүнд дурангийн оношилгоо, эмчилгээний ажилбар хийж, Гастроэнтерологийн салбарын шилдэг хамт олон болсон.