ЭХЭМҮТ-д нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо

JCI Монгол Байгууллагын санаачилгаар ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Save Life” төслийн III шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, олон улсын стандартын шаардлага хангасан тохижилт хийжээ.

Монгол Улсад мэндэлж буй нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилготой уг төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая төгрөг төсөвт өртгөөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгааг албаныхан хэлж байна.

Энэхүү төслийн нэгдүгээр шатанд ЭХЭМҮТ-тэй хамтран 2015 онд дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулж байжээ. Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан уг тасаг 80 дутуу нярайг хүлээн авах боломжтой болж, 19.1 хувь байсан нярайн эндэгдэл Монгол Улсын түүхэнд анх удаа 5.6 хувь болж буурчээ.

Төслийн хоёрдугаар шатанд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж тусгайлсан мэс заслын өрөөтэй болгожээ. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийжээ. Энэ хугацаанд хийсэн хагалгаанд мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдсэн нь мэс заслын эрсдлийг бууруулж чадсан үр дүнд хүрчээ.

Жилд 1000 гаруй хүүхэд нярайн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Дээрх тасгийн байрыг өргөтгөж засварын ажил хийхээс өмнө 6 ортой үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 12 ортой үйл ажиллагаагаа явуулж буй аж.

Төслийн III шатны үр дүнд хагалгаанд орох бага жинтэй нярайн хүлээн авах хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, төслийн өмнөх шатуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.