Баян-Өлгий аймгийн 4 сум Төрийн үйлчилгээний цахим машинтай болно

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд бүртгэлийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэн, үйлчилгээг иргэнд илүү ойртуулах тал дээр анхаарч Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан иргэний бүртгэлийн лавлагааг олгож эхлүүлсэн билээ.

Тухайлбал, иргэдэд иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг харьяа баг, хорооноос авах боломжийг бүрдүүлж цахим санд тулгуурлан гэрлэлт, гэрлэлт цуцалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн оршин суугаа хаягийн лавлагааг олгож эхэлсэн юм.

Энэхүү төрийн үйлчилгээг хялбаршуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 77, хөдөө орон нутагт 33 ширхэг ТҮЦ машин суурилуулж иргэдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн ба цаашид сумуудыг холбох зорилт тавьж ажиллаж байгаа аж.

Тэрбээр өчигдөр дээрх зорилтыг хэрэгжүүлэх УБЕГ-ын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзалт хийж тус аймгийн 4 сумыг онлайн сүлжээнд холбон ТҮЦ машинтай болгох талаар санал солилцлоо.

Нийт 21 аймгийн 39 сум Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр ТҮЦ машинаар хангагдах ба Баян-Өлгий аймгийн хүн ам ихтэй Баяннуур, Ногооннуур, Цэнгэл, Дэлүүн зэрэг 4 сумыг сонгон авч суурилуулахаар тохиролцлоо.