Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Харин маргааш Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

19 Сэтгэгдэлүүд

Comments are closed.