МАН, АН-ын дүрмийн өөрчлөлт болон Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэв

Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв.

Мөн Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Ардын намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын 3 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

Мөн Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Гэр Хороолол Хөгжлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болж байгаа юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here