“Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол боллоо

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

2003 оноос эхлэлтэй тус наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, баг, паралимпын тамирчин зэрэг 13 номинацын эздийг тодруулж, хийсэн ажлыг нь алдаршуулав. Энэ жилийн “Бөртэ чоно” наадмын онцлох зочин бөгөөд “Оны онцлох Бөртэ чоно”-ын эзнээр Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуны оролцогчид тодорсон юм. Тэднийг Монгол Улсаа сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлэн дээрх шагналыг олгожээ.

Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар 2025 оны шилдэг тамирчид болон баг тодорлоо. Энэхүү санал асуулгад 46 сэтгүүлч оролцсон бөгөөд тэднээс хамгийн өндөр оноог чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга авчээ.

“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

  • Шилдэг олимпын танхим Орхон аймгийн “Бээжин” олимпын танхим
  • Шилдэг олимпын зөвлөл Хэнтий аймгийн “Сэнт Луис” зөвлөл
  • Шилдэг олимпын зүтгэлтэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг
  • Спортын шилдэг сэтгүүлч МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал
  • Шилдэг залуу эрэгтэй тамирчин Усанд сэлэлтийн спортоор улсын дээд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоож, олон улсад өндөр амжилт үзүүлэхээс гадна хүүхдийн спортын зуны наадмын 23 алтан медаль хүртсэн шилдэг тамирчин Э.Эрхэс
  • Шилдэг залуу эмэгтэй тамирчин Жүдо бөхийн 2025 оны өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар
  • Шилдэг дасгалжуулагч Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхбаатар, Боксын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
  • Шилдэг шүүгч Боксын олон улсын 3 одтой шүүгч Б.Атарбаяр, Гольфийн шүүгч А.Сарнай
  • Шилдэг холбоо Монголын дугуйн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын усан спорт сонирхогчдын холбоо
  • Шилдэг олимпын бус холбоо Монголын жюү жицүгийн холбоо
  • Шилдэг өв уламжлалт холбоо Монголын морин спорт уяачдын холбоо
  • Өвлийн спортын шилдэг холбоо Монголын цанын холбоо
  • Оны онцлох амжилт Монгол Улсыг дэлхийд сурталчилсан “Бие бялдар Ази” шоуны баг
  • Паралимпын шилдэг тамирчин Пара байт харвааны дэлхийн хошой аварга Д.Сэлэнгээ
  • Шилдэг баг Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг
  • Шилдэг эмэгтэй тамирчин Боксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Алтанцэцэг, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч, Чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Орхон
  • Шилдэг эрэгтэй тамирчин Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга, Боксын ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк
  • Шилдгийн шилдэг тамирчин Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here