Монголын сайхан бичигтнүүд Ерөнхий сайдаас шагналаа гардав

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018“ улсын 22 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Уралдааны шилдэг зургаан оролцогчийг гадаадад аялуулдаг, 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх олгодгоороо энэхүү уралдаан хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог юм.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болсон шагнал гардуулах ёслолыг МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг нээж, шилдэг оролцогч нарт баяр хүргэж амжилт хүссэн юм.

Үүний дараа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүн байрын эздэд шагнал гардуулж хэлэхдээ, “Төв Азийн цээжинд оршдог Монгол Улс зуу зуун жил өөрийн тусгаар тогтнолыг хадгалж ирсэн түүхтэй. Бидний тусгаар тогтнолыг өвөг дээдэс маань алтан амь, бүлээн цусаа урсган байж бидэнд өвлүүлсэн. Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг билээ. Энэхүү уралдааныг зохион байгуулж буй МОНЦАМЭ агентлаг, уралдааныг ерөнхийлөн ивээн тэтгэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье. Монгол сайхан бичиг үсгээ олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд бүх талаар тусалж дэмжин, хамтран ажиллах болно” хэмээн онцлов.

Энэ удаагийн улсын уралдааны 7 ангилалд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Говь-Алтай, Баян-Өлгий, Завханаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Төв аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл “уралдуулсан” байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here