Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилга 93 хувьтай байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, барилгын ажлын явцтай танилцлаа.

Уг төслийн хүрээнд, Монгол Улсад анх удаа хавдрыг эрт үед нь оношилдог, орчин үеийн дэвшилтэт болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий оношилгоо, эмчилгээний цогц төв ашиглалтад оруулах юм.

Төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжүүлэх хэсэгт эмчийн хөгжлийн төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төвд резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх бүхий л бололцоог хангах таатай нөхцөл бүрдэх аж.

Одоогийн байдлаар, барилгын ажил 93 хувьтай байгаа бөгөөд Монгол Улсад 190 нэр төрлийн 1580 тоног төхөөрөмж суурилуулахад бэлэн болжээ. Тус төвийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.

Үндэсний оношилгоо эмчилгээний төв нь 103 ортой, 15,468 м2 талбайтай үндсэн болон туслах барилга байгууламжуудаас бүрдэх бөгөөд тэдгээрийн гаднах шугам сүлжээ, зам талбайг тохижуулж байна.