Сар шинийн баярыг угтсан хяналт, шалгалтын эхний арван хоногт нийт 518 зөрчил илрүүлжээ

МХЕГ-ын даргын 01/04 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.

Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 291 буюу 56.2%-ийг арилгуулсан. Улсын /ахлах/ байцаагчийн 48 заалт бүхий 8 хугацаатай албан шаардлага өгсөн. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуудаад байна.

СХД-ийн Эгүшин ХХК-ийн хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах, БГД-ийн Хархорин худалдааны төв, Хорооолол зах, Барс 2, Шилэн зах, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаалагдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг, 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн 7 акт үйлдэж хураан авч устгалын комисст шилжүүлсэн, хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэг 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн.
Уран урт” ХХК-ийн “тэнгэрийн хур газрын ааг” нэртэй цай, Делта фүүд ХХК-ийн цагаан будааг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж, Мон давс ХХК-ийн БНХАУ-аас импортлосон 500 гр-ийн савлагаатай хадгалах хугацаа дууссан 1000 ширхэг иоджуулсан давсыг битүүмжилж зөрчлийн хэрэг нээлээ.

СХД-ийн Сайхан монгол ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төвийн нарийн боовны тасагт худалдаалж байсан Best bekery ХХК-ийн хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн 1058 ширхэг 2645.0 төгрөгийн нарийн боовыг татан авалт хийлгэсэн.
Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн Зочин 999 цайны газрын үйл ажиллагааг зогсоож зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР

19 аж ахуй нэгжийн мах, махан бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, жүүс, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо зэрэг нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнээс стандартын дагуу 124 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулаад байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.
Ялалтын талбай дээр зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн 6 сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа 53 иргэний сүү, цагаан идээнээс 53 дээж авч 3 үзүүлэлтээр НМХГ-ын нэгдсэн төв лабораторийн явуулын лабораторит шинжилгээнд хамруулахад стандарт шаардлага хангаж байна.

СУРТАЛЧИЛГАА

НМХГ-ын даргын албан бичгээр дүүргийн засаг дарга нарт болон аж ахуй нэгж, иргэдэд хүргүүлсэн мэдэгдэл:

  • “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа, ууц өвчүү чануулахгүй байх”,
  • “Хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдэд”,
  • “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо импортлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг эрхлэгч нарт”,
  • “Хүнсний худалдаа эрхлэгч нарт”,
  • “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгжид”,
  • “Гахайн мах, өөх импортлогч аж ахуй нэгжүүдэд” нийт 1412 мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.
  • Зөвлөмж 266, фасебүүк, вэб сайтад 30, телевиз 9, сургалт 2 удаа зохион байгуулж нийт 420 удаа 1204 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж ард иргэддээ хаана, хэзээ, ямар орчинд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бууз, банш, бөөрөнхий мах, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Худалдан авалт хийхдээ эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн сонгон авах, гудамж талбайд ил задгай болон автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.