“Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол боллоо

Монгол Улсын Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг"-ийг эгшиглүүллээ

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааг энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулж байна.

Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Монгол Улсын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж 19 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй.

Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээр “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм.