С.Амарсайханыг хотын даргаар томилохыг дэмжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр 19.30 цагт нийслэлийн “Хангарьд” ордноо өндөрлөлөө.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарыг сонгохоор нууцаар санал хураав. Санал хураалтад НИТХ-ын нийт 45 төлөөлөгч оролцож, нэр дэвшигч С.Амарсайхан 25 төлөөлөгчийн буюу 56.8 хувийн санал, нэр дэвшигч С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн санал тус тус авлаа. (Нэг саналын хуудас хүчингүйд тооцогдов). Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тодроод байна.

Түүнийг нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар болов. Ерөнхий сайд хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах заалттай юм.