Ерөнхийлөгч 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өчигдөр болж өндөрлөлөө.

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан бол энэ жил Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Сүхбаатарын талбайд уншлаа.

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.