БНСУ-ын виз мэдүүлэхдээ 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болголоо

Сүүлийн жилүүдэд БНСУ-д зорчих иргэдийн тоо өссөнтэй холбоотой БНСУ-ын ЭСЯ-ны визийн ачаалал нэмэгдэж иргэдээс багагүй шүүмжлэл хүлээгээд буй. Монгол Улсын Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарч БНСУ-ын холбогдох байгууллагатай хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо. Шинэ журмыг ирэх сарын 16-аас эхлэн мөрдөхөөр болсон талаар өнөөдөр ГХЯ, ГИХГ, БНСУ-ын ЭСЯ-аас хамтарсан мэдээлэл хийв.

Шинэ журмаар БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах хүрээнд виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгосон байна. Үүний оронд иргэд сүүлийн зургаан сарын дансны хуулгаа үндэслэн санхүүгийн байдлаа нотлох боломжтой болжээ.

Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн сүүлийн зургаан сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг үндэслэн тухайн иргэний гэр бүлд 90 хоногийн виз олгох аж. Ингэхдээ тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, шилжүүлсэн мөнгөн дүнг харгалзан үзэх юм.

Харин хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, төрийн албан ажлаар явж буй ажилтны визийн мэдүүлгийг 10 хоногийн дотор шалгаж, хариу өгөхөөр болжээ. Манай улсад БНСУ-ын олон удаагийн виз мэдүүлэх эрхтэй 150-200 мянган иргэн байгаагаас эхний ээлжид бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн солонгос хэлний багш нар, тэдний гэр бүлд олон удаагийн виз олгох бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн БНСУ-ын ЭСЯ-д хуримтлагдсан 30 мянган визийн мэдүүлгийг шуурхай шалгаж хариу өгөх үүднээс материал шалгах тусгай үүрэг бүхий консулын орон тоог хоёроор нэмж, дөрөв болгожээ. Мөн ГХЯ, Үндэсний Дата төвтэй хамтарсан Хур мэдээллийн системийг ашиглан виз мэдүүлэх боломжтой бөгөөд ингэснээр визийн мэдүүлгийн хариуг 2-3 долоо хоногийн дотор гаргах боломж бүрдэж байгааг онцоллоо.

Визийн мэдүүлгийн журамд эерэг өөрчлөлт орсонтой зэрэгцэн хууль бус үйлдэлд авах арга хэмжээг мөн чангатгасан байна. Тухайлбал виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага Хур мэдээллийн системийг буруугаар ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах аж. Түүнчлэн татгалзсан хариу авсан виз мэдүүлэгч гурван сарын дараа дахин мэдүүлэх эрхтэй байсныг зургаан сар болгон сунгажээ. Мөн хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд авах захиргааны хариуцлагыг чангатгаж энэ төрлийн хэрэгт олон удаа холбогдсон этгээдийг виз шалгалтын системд бүртгэх аж.