А.Энхбаатар: Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг ойлгох нь маш чухал

Хүүхдийн хүчирхийлэлд өртөж байгаагийн шалтгаан түүнээс хэрхэн хүүхдийг хамгаалах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-Хүүхдийн 108 утсаар дамжуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хандах дуудлага, мэдээллээс ямар төрлийн дуудлага, мэдээлэл нь давамгайлж байна вэ?

-Хүүхдийн хуулиар олгосон эрхэд халдсан үйлдлийг зөрчил эсвэл гэмт хэрэг гэж үздэг. Уг үйлдлийг 108 утсаар Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрээс авах боломжтой. Өнгөрсөн жил гэхэд л 174 мянган орчим дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүний 60 хувь зорилтот бүлгийн дуудлага, үлдсэн нь хүүхэд хүмүүжүүлэх, эсвэл үе тэнгийн хүүхдүүд хоорондоо харилцахтай холбоотой зөвлөгөө мэдээлэл авсан байсан. Сүүлийн жилүүдэд зөвлөгөө, мэдээлэл авч байгаа байдал ялангуяа эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл авч байгаа дуудлага өсч байгаа. Энэ нь хүүхэдтэйгээ зөв харилцах аргаа олох гэсэн эцэг, эхчүүдийн зөв хандлага гэж үзэж байгаа юм.

Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа талаарх хөндлөгийн этгээдийн өгч байгаа дуудлага, мэдээлэл сүүлийн жилүүдэд өсч байна. Өөрөөр хэлбэл, миний хүүхэд биш бол надад хамаагүй гэдэг хандлага алга болж байна гэсэн үг. Энэ хандлагын ачаар далд хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг илрэхээс гадна энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх этгээдэд нөлөөлнө гэж бодож байгаа.

108 утсанд ирж байгаа дуудлага мэдээллээс гадна зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болж байна. Жилд нэг ангийн хоёр хүүхэд хэн нэгний буруутай үйлдлээс болж хорвоог орхиж байгаа юм. Энэ нь хэдхэн шалтгаантай. Тухайлбал, хот хооронд зорчих замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хурд хэтрүүлэх, стандартын бус тээврийн хэрэгслээр зорчих, хүүхдийг авто тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэх зэргээс болж хүүхэд амь насаа алдаж байна. Мөн энэ жил насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулсан долоон хэрэг бүртгэгдсэн. Хэн нэгэн этгээд хүүхдийг албадан биеийг нь үнэлүүлж, түүнээс ашиг хүртэж байсан байгаа юм.

-Ер нь Монголд хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Хүүхдийн 108 утсанд ирдэг дуудлага, мэдээллийг авч үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл хамгийн их ирдэг. Хоёрт, боловсролын салбарт хүүхдийн эрх зөрчиж байгаатай холбоотой дуудлага, мэдээлэл байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулиар сурган хүмүүжүүлэгч нар хүүхэдтэй эерэг байдлаар харьцах мэдлэг эзэмшсэн ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэлээд ирж байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт Рашаант суманд тавдугаар ангийн хүүхэд алга болж, хоёр хоногийн дараа олдсон. Тухайн хүүхдийг ангийн багш нь тооны машин хулгайлж авсан хэрэгт сэрдэж, анги хамт олных нь дэргэд тооны машин авчирч өгөхийг шаардсан байдаг. Тавдугаар ангийн хүүхэд хэн нэгнээс тусламж, зөвлөмж авахаа мэдэхгүй учраас сумын төвөөс 20 гаруй километрийн зайд орших гэр лүүгээ явсан байгаа юм. Ингээд 10 гаруй км явж, айлд очсноор олдсон байдаг. Уг багшид хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарласан гэдэг үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Үүнээс гадна гэр бүлийн хувьд авч үзэхэд ээжтэй нь амьдарна гэж нэг гэрт орчхоод хүүхдийг нь тамлаж байгаа харамсалтай тохиолдлууд сүүлийн үед ил болсон. Тухайн этгээдүүд өөрсдөө хүчирхийлэлтэй гэр бүл, орчинд хүмүүжсэн байсан. Үүнээс харахад хүчирхийлэгчийн зан үйл, хүчирхийлэгчийг л бий болгож байгаа юм. Энэ бол гэр бүлийн харилцаанд орохоос өмнө бага, дунд, ахлах, их, дээд сургуулиудад хүүхэд, залуусын хүлээж авах төвшинд нь тааруулж, гэр бүлийн боловсрол олгодог дэд бүтэц байгуулаагүйн үр дүн. Үүнийг хэн ч заагаагүй учраас залуус өсөж торнисон орчноороо амьдралыг төсөөлдөг, түүгээрээ буцаад үр хүүхдээ хүмүүжүүлдэг болж байгаа юм. Ер нь гэр бүлийн боловсрол олгодог тогтолцоо байхгүйтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэж ойлгож болно. Монголын 40 мянган өрхөөс судалгаа авч үзэхэд сонин дүр зураг гарч ирсэн. Монгол Улсад хэрэгцээ шаардлагаасаа хамаараад 12 төрлийн гэр бүл амьдарч байгаа юм байна. Тухайлбал, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, архины хамааралтай, нийлмэл, өрөөсгөл гэх мэт гэр бүл байна. Өрх толгойлсон эцэг, эх байна гэж бодоход гэр бүлийн хоёр хийх ажлыг тухайн эцэг, эх дангаараа хийснээрээ хүчрэхгүй. Энэ хэрээр хүүхдэдээ тавих анхаарал суларч, эдийн засгийн хувьд хэн нэгнээс хамаарахгүйгээр хүүхдээ өсгөх асуудал үүснэ. Ингээд л хүчирхийллийн асуудал эхлэх жишээтэй.

-Бид юуг өөрчилбөл, хүүхдэд ээлтэй гэр бүл, нийгмийг бий болгож чадах вэ?

-Нэгэн жишээ хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрснөөс ээж нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хүүхдээ асрах болжээ. Энэ байдлаар нь тухайн гэр бүлийг тойрч байгаа бусад найз нөхөд нь гоочилдог, ялгаварлах хандлага тогтож эхэлсэн байна. Ийм хүүхэдтэй болсон хувь заяандаа гомдож, нөхөр нь архины хамааралтай болжээ. Энэ байдал даамжирч эхнэрээ дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн байна. Эцсийн дүндээ энэ хүүхдээс л боллоо гээд хүүхдээ хөшигний цаана нуусан гэр бүл байсан. Хэрвээ энэ гэр бүлд анхнаасаа ийм тохиолдол байдаг л зүйл гэдгийг ойлгуулах, хүүхдэдээ эмчилгээ хийлгэх арга ухааныг заагаад өгсөн бол энэ бол хүчирхийлэл үйлдэгдэхгүй байж болох байсан. Тийм учраас эргэн тойрны хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд дэмжлэг үзүүлэх соёлыг төлөвшүүлдэг төрийн үйлчилгээ байх ёстой. Гэр бүл болгонд янз бүрийн хэрэгцээ шаардлага байна. Үүнийг нь хангаж өгдөг үйлчилгээ байхгүй учраас хангагдаагүй хэрэгцээний улмаас гэр бүл бат бөх урт хугацаанд оршиж чадахгүй задарч байна. Үүний хамгийн эхний хохирогч нь хүүхэд байдаг. Ийм үйлчилгээг бий болгосноор гэр бүлийн хүчирхийлэл багасна. Ингэснээр хүүхэд гэр бүлдээ эрүүл аз жаргалтай, аюулгүйгээр өсч чадах орчин нөхцлийг бий болгоно. Гэр бүл амар тайван оршиж чадвал хүүхэд буруу асуудалд орохгүй.

-Сүүлийн үед гэр бүлийн хүмүүс гэртээ ороод хүүхэдтэйгээ ярилцахаас илүү гар утсандаа анхаарал хандуулах болсон. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ярилц. Хүүхдийнхээ нүд рүү харж байгаад түүний ойлгох төвшинд хариул. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ төвшинд очиж, ярилцдаг харилцаа дутмаг байгаатай холбоотойгоор хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол гарсан. Тухайлбал, нэгэн дунд сургуулийн охин фэйсбүүкээр өөрөөсөө хэдэн насаар ах залуутай харилцаж байгаад уулзаж, хүчирхийлэлд өртсөн байдаг. Тухайн хүүхдийн эцэг, эх түүний ярилцах, хайрлуулах юм уу ямар нэг хэрэгцээг дутаасантай холбоотойгоор гарсан хэрэг. Магадгүй хүүхдийнхээ юу хийж байгаад анхаарал хандуулаагүй гэсэн үг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ ойлгох хэмжээнд нь тохируулж, нээлттэй ярилцдаг баймаар байна.

Эх сурвалж: itoim.mn