Залуучуудыг чадавхжуулах сургалтын гарын авлагыг шинэчилнэ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ГСП+3 төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран эрсдэлт бүлгийн хүүхэд, гэр бүл, залуучуудтай ажиллах, тэднийг сургаж чадавхжуулах, амьдрах чадвар эзэмшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, үүнд хэрэглэгдэх сургалтын гарын авлагыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлж байна.

Энэ хүрээнд хүүхэд, залуусыг хүүхдийн хөдөлмөр, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх, ойлголт мэдлэгийг нь дээшлүүлэх, чадавхжуулах зорилготой “Эрх, үүрэг, оролцоо” гарын авлагын зохиогч Тайланд улсын олон улсын зөвлөгч Бусакорн Сурияасарн Монгол Улсад хүрэлцэн ирж, уг гарын авлагыг манай орны нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, багш, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.