“The Song Prize” төрөлд гавьяат жүжигчин Г. Ариунбаатар тэргүүллээ

ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар тэргүүлжээ.

Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар ням гарагт болох тэмцээний финалын шатанд түрүүлж, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой. Мөн үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртвэл тус тэмцээний түүхэнд бүх шагналыг нь хүртсэн анхны дуучин болох юм.

Баритон хоолойтой МУГЖ Г. Ариунбаатар 2005- 2010 оны хооронд профессор МУГЖ О.Ичинхорлоогийн удирдлага дор суралцсан бөгөөд Москвад болсон М. Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлсэн.