Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна.

Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн Анхдугаар Үндсэн хуульд зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хуулиа баталсан байдаг агаад хамгийн сүүлд буюу 1992 онд баталж байв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу өнөөдөр \2019.11.26\ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа. Түүхэн энэ өдөр Монгол Улсын төр засгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл уламжлал ёсоор Их жанжин Д.Сүхбаатар, Эзэн Чингис хааны хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.