Лабораторийн 871 төхөөрөмжийг ЕБС-уудад хүлээлгэн өглөө

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэстэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.

Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буй юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулийн захирлуудад гардуулж өгөхдөө, "Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч, улс орныхоо хэтийн хөгжил рүү чиглэж байна. Тиймээс бид сургалтын орчинг сайжруулах, хатуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тодорхой ажлыг тусгасан" гэж онцлов.

21 аймаг, 9 дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар баталсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байна.