Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаад хүртээв. Шагналыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан гавьяаг нь үнэлж дээрх шагналыг олгожээ. Тэрбээр, “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” зэрэг бүтээлийг туурвисан юм. Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.