Афганд алба хаасан энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд өчигдөр шөнө эх орондоо ирлээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж ирж буй энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас угтан авсан юм.

Үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн баг Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын бүрдсэн офицер, ахлагч нараас бүрджээ. Тэдний 71 хувь нь НҮБ болоод бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн албан хаагч юм байна.