Засгийн газар олон улсын байгууллагаас авах санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээ багтжээ. Мөн "Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулах санхүүжилтийн хэлэлцээр, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай, Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих тухай талаар хэлэлцэнэ.

Мөн хуралдаанаар биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай БСШУС-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын танилцуулгыг сонсоно.