ААНБ, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлийг 5,0 хувиар төлж эхэлнэ

“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд энэ оны 10 дугаар сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр нийгмийн даатгалын шимтгэлийг 5,0 хувиар тооцож төлнө.

Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийжээ. Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21,0 мянган төгрөгийг өөрөө төлөх аж.

Коронавируст цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ ийнхүү үргэлжилж байна.