Монгол Улсын визийг цахимаар болон хилийн боомт дээр олгодог болно

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

УИХ-ын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар баталсан дээрх хуулийн өөрчлөлтөд, Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалт тусгасан байна.

Үүнээс гадна визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, олон улсын хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Тухайлбал, Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн ажлын 7 хоногт холбогдох байгууллагад бүртгүүлдэг байсан зохицуулалтыг хүчингүй болгож, гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар бүртгүүлэхээр зохицуулжээ.