Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-нд Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ.

Гэвч сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гараагүй бөгөөд иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй хэмээн Ерөнхийлөгч үзжээ. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзаагүйгээрээ уг ажлыг гацаасан гэж үзсэн байна.

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгч үзжээ.