Хүчит тэжээлийг дөч гаруй мянган малчинд хүргэлээ

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор яваа 45 мянга гаруй малчин өрхөд малын хүчит тэжээл хүргэж байна.

Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын тусламжийн тэжээл тээвэрлэлт энэ сарын 18-ны байдлаар Говь-Алтай, Өмнөговь аймагт 100, Дундговь аймагт 96, Баянхонгор аймагт 86, Өвөрхангай аймагт 80, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байв.

Засгийн газрын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300 000 төгрөгийн үнэ бүхий хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламж хүргэх, хуваарилалтыг хянах мэдээллийн систем хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан “Тэжээл” аппликэйшн ашиглаж байгаа. Ингэснээр үйлдвэрээс ачсан тэжээл аймгийн онцгой комисст, тэндээсээ суманд, сумын онцгой комиссоос малчинд хүрэх бүртгэлийг тухай бүр баталгаажуулах боломжтой.

Ташрамд дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг 2020-2025 онд 14 аймгийн 150 сум, нийслэлд хэрэгжүүлнэ. Энэ нь мал сүргийн эрүүл мэнд, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах зорилготой аж.