"COVID-19" халдварын тохиолдол 575-аар нэмэгдлээ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол илэрлээ. Энэ тоо сүүлийн гурав хоног дараалан 300-гаас дээш хэмжээнд бүртгэгдэж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 210 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 болж байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан 7589 тохиолдол болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 7052, Улаанбаатарынх 6268, аймаг, орон нутгийнх 724 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 711 болж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас 1436 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 29 нь хүнд, есөн хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.