Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гардаг. Жилд 6-7 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна. Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.

Цэвэрлэгээний ажилд “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон сайн дураараа нэгдэж, Туул гол дагуух хогийг цэвэрлэлээ. Тэд жил бүр 2-3 удаа Туул гол дагуух эргийг цэвэрлэдэг байна. Мөн тус төвийн ажилтнууд сайн дураараа мөнгө цуглуулж, нэг сая гаруй төгрөгөөр ариутгалын бодис худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.