Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцлав

БШУ-ы сайд сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.5.7-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.5.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247 040 хүүхэд, ЕБС-д 680 837 хүүхэд суралцаж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотой улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана. Түүнчлэн эрт амарч байгаа учир намар 8 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулах аж.

Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан байна.

Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжжээ. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн байна.