Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нийслэл Улаанбаатар хотод авах зарим арга хэмжээний тухай Засгийн газраас тогтоолын төслийг танилцууллаа. Тэдгээрээс дурдвал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2021-2024 онд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган, хэрэгжүүлнэ. Мөн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өглөө. Улаанбаатар хотод багтаамж ихтэй, техник, эдийн засгийн үр ашигтай байх нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг мөн үүрэг болгосон.

Сайд нар тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ. Шадар сайд С.Амарсайхан “Эрчим хүч, дулааны эх үүсвэрээ хотоос гаргах хэрэгтэй. Үүнд сайн анхаарал хандуулаарай” гэсэн юм. Мөн Богдхан төмөр замаа Багахангай дүүргээр дайрч гарахад анхаарахыг хүссэн. Түүнчлэн ипотекийн зээлийн үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй.

Тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдэд энэ зээлээ олгоход анхаарах хэрэгтэйг онцолсон бол Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ хотын иргэн хөдөө шилжихэд, ажиллахад, амьдрахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бөгөөд урамшууллыг тогтолцоо бий болгох саналыг гаргалаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хотоос зүүн тийшээ гарах гарцыг сайжруулах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн төрийн байгууллага болон яамдын хамтын ажиллагааг хэрхэн хангах вэ гэдгийг асууснаар тогтоолын төсөлд оруулж, хэрэгжилтийг сар тутамд тайлагнахаар боллоо. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан түгжрэлийн гол асуудал нь сургууль байдаг. Үүнд хэрхэн анхаарал хандуулж байгааг Хотын даргаас асуухад “Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн асуудал цогцоороо явж байна. Төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихаар бол газрын асуудлыг мөн шийдэж өгөх хэрэгтэй” байгааг хэлсэн юм.

Э.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ

Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ “Бидэнд тулгамдсан асуудал нэг л бий. Хотынх, Засгийн газрынх гэж тусдаа асуудал байхгүй. Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч Засгийн газар оролцох ёстой. Өнөөдөр нэгдсэн ойлголтод хүрлээ гэж бодож байна. Улаанбаатар хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй зургаан асуудлыг тогтоолын төслөөр шийдлээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүх яамны асуудал. Тэгэхээр асуудлыг цогц байдлаар харж, шийдэх хэрэгтэй. 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч, шийдэж байна.

Ингэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Нийтийн тээврийг сайжруулах, метро, өөр ямар шийдлүүд байж болохыг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод шилжүүлж байна. Санхүүгийн схемийг Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруу хурдны зам тавигдах нь. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас санхүүгийн эрхийг өгч байна. Улаанбаатар хот үйлдвэр байтугай орон сууцныхаа хэрэглээгч хангаж чадахгүйд хүрээд байна.

Тиймээс Улаанбаатар хотын төвөөс төрийн байгууллагууд үе шаттай гарах хэрэгтэй. Богдхан төмөр зам буюу Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт өнөөдрөөс өрнөж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр нэг ч гэр хороололгүй эко хот байгуулах ёстой. Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ.Нийслэлчүүддээ, нийслэлийнхээ удирдлагуудад амжилт хүсье. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа” хэмээн хэллээ.