Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ цэцэрлэгтэй болов

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгууллаа.

50 дугаар цэцэрлэгийн харьяа энэхүү цэцэрлэг нь 24 дэх байгууллагын цэцэрлэг юм. Цаашид байгууллагын цэцэрлэгийн санаачилга өргөжинө гэдэгт итгэж байгаагаа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцолж байв.

Тус эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий.

Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргажээ. Энэ хүрээнд уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Эмнэлгийн захиргааны зориулалтаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна.

Цэцэрлэгийн нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцсон юм.