“Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурал зохион байгууллаа

ЭХЭМҮТ-өөс эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн байдлыг танилцуулах “Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явуулж, “2019-2021 оны эхний 9 сарын байдлаарх эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн байдал” сэдвээр, ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Kоронавируст (Kовид-19) халдварын шалтгаант эхийн эндэгдэл” сэдвээр мэдээлэл танилцууллаа.

Улсын хэмжээнд 2021 оны эхний 9 сард эндсэн эхийн 93.8% эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй, 70.8% Kоронавируст (Kовид-19) халдварын шалтгаант уушгины хатгалгаатай байсан ба эдгээр эхчүүдийн дунд жирэмслэлт, төрөлтөд эмзэг болон гэр бүл төлөвлөлтөд хамруулах шаардлагатай эх жирэмсэлснээс хүндэрч, эндсэн байсныг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга анхаарууллаа. Эхийн эндэгдлийн тохиолдлуудаас ажиглахад артерийн даралт ихсэх өвчин, таргалалт-илүүдэл жин, вирусийн (B, C, D) шалтгаант элэгний үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, цусны болон мөгөөрсөн эдийн хавдар зэрэг эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгүүд жирэмсний явцыг хүндрүүлжээ. Иймд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг илрүүлэн эмчлэн, эрүүлжүүлэх ажлыг үр дүнтэй хийх, жирэмснийг эрт илрүүлэх, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн жирэмснийг үргэлжлүүлэн тээлгэх эсэх асуудлыг эх барих эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч нар хамтран жирэмсний эрт хугацаанд шийдвэрлэх, ирэх саруудад Kоронавируст (Kовид-19) халдварын шалтгаант эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тоо нэмэгдэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эмнэлэг бүр өөрийн нөөц боломжид тулгуурлан авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга онцоллоо.

Уг хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, ТСА-ны эмч нар, инженер, Хүрээ амаржих газар, ЭНЭҮТ II төв, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Увс аймгийн ЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч зарим сумдын эмч, эх баригч нарын зэрэг 105 хүн оролцлоо.

Архангай, Өвөрхангай аймгийн оролцогчдын асуултад Г.Баттулга, Ц.Отгонцэцэг нар хариулт өглөө.

Цахим хуралд оролцсон нийт эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.