Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

Цар тахлын үед тасалдах эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн 200 тонн бүхий тариур,систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос, 49,2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор онгоцоор тээвэрлэн авчрах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрээр дурдлаа. Энэ сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футын чингэлэг, 28 ширхэг 40 футын чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулах аж.

Вакцины дараах дархлаа тогтоц, дархлаа сэргээх тунгийн явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгсөн юм. Мутацлагдсан хувилбаруудаас үүдэж вакцины үр нөлөө 3-5 сарын дараа бага багаар буурч байгааг олон улсын эрдэмтэд тогтоож дархлаа сэргээх нэмэлт тунг хийж буй.

Тухайлбал, Израйль улсад нэмэлт тун хийлгэсэн 60-аас дээш насны 1.1 сая хүнээс 12 хоногийн дараа 0.1 хувь нь өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад нэмэлт тун хийлгэсэн 418,024 хүнээс 14 хоногийн дараа 1 хувь нь өвчилсөн байна. Эдгээр судалгаанаас дүгнэхэд вакцины нэмэлт тунд хамрагдсанаар халдварт өртөх, өртсөн тохиолдолд хүндрэх нас барах эрсдэлээс хамгаалах хувь өсчээ. Тийм учраас нэмэлт тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам анхааран ажиллаж байна гэлээ.

Түр хорооны гишүүдийн зүгээс цар тахлын эсрэг УОК, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлээд, дархлаа сэргээх нэмэлт тунд нийт иргэдийг хамруулснаар халдварын олон муцатаас бүрэн хамгаалах эсэх асуудлаар тодруулж байв.

Мөн халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээг төлөвлөгөөт аян болгож өрнүүлэх боломжтой эсэх асуудлаар санал хэллээ.