Шадар сайд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдтэй уулзлаа

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн гол зорилго нь улс орныхоо хүнд хэцүү цагт үед сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, төр засагтаа нэмэлт хүч болж ажиллаж ирсэн 80 гаруй чиглэлээр Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.

Дэлхий нийтээрээ сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж байна. Монгол улс ч хамтдаа тэмцэж байгаа билээ. Хүнд цаг үед Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдийн үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байна. Цар тахалтай тэмцэхэд хүн хүчний нөөц боломж бололцоо тааруу үед сайн дурын идэвхтнүүд эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын ачаанаас үүрэлцэж, хүмүүнлэгийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Коронавируст халдварыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдэд туслах чиглэлд 450 гаруй сайн дурынхан ажиллаж, 21 аймгийн 56 мянга гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл олгох, дархлаажуулалтад хамрагдахад дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.
Энэ үеэр сайн дурын идэвхтнүүд цар тахалтай хүнд үед хэрхэн ажилласан, анзаарсан, ажигласан, тулгарч байсан бэрхшээлүүдээсээ хуваалцлаа. Тэдэнд хамгийн эмзэг санагдсан зүйл нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах орчин нөхцөл хүнд, нэг эмчид ногдох ачаалал их байсан байна. Мөн хүний нөөц, иргэдийн ухамсаргүй байдал нь ажил хийх явцад хүндрэлтэй байсан гэдгээ ярилаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сайн дурын идэвхтнүүдэд хандан: “Оюутан залуус та бүхэн эрдэм мэдлэгт шамдан суралцахын зэрэгцээгээр бусдын төлөө гэсэн сэтгэл гаргаж хүмүүнлэгийн үйл хэрэгт сайн дураараа оролцож байгаад талархаж байна. Амжилтад хүрнэ гэдэг зөвхөн эрдэм мэдлэгт шамдан суралцах төдий биш түүнийгээ ажил хэрэг болгохын зэрэгцээгээр бусадтай зөв харилцах, бусдыг ойлгож сурах, бусдын “зовлон жаргал”-ыг мэдэрч ойлгодог байхын нэр гэж би боддог. Улс орныхоо хүнд хэцүү цаг үеийг хоёргүй сэтгэлээр, ямар нэгэн шан харамж нэхэлгүйгээр, эрсдэлтэй орчинд сайн дураараа ажиллаж байгаа сайн дурын идэвхтнүүддээ” амжилт хүслээ.