Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, УИХ-ын гишүүн, сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг заналхийлсэн асуудлыг эсэргүүцэж "МЭДЭГДЭЛ" гаргалаа. Мөн Монголын сайтын холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж Ё.Отгонбаяр нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж МУ-ын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар олгосон эрхээ эдэлснийх нь төлөө бусдын амьд явах эрхэд заналхийлсэн ноцтой үйлдлийг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардав.
Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой хэмээн Монголын сайтын холбооноос үзэж байна.
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани тус банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалд багтсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Харин энэхүү мэдээллийн хариуд Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа дамжуулан сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн захидал олон нийтэд ил болсон юм. Тэгвэл өнөөдөр 14:00 цагт сэтгүүлчдийн төлөөлөл иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж цаашлаад сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн асуудлаар мэдээлэл хийнэ.