Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон юм.

Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөх олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад байгаа. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн 6, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, автозамын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байна.

Шинээр хэрэгжих ажлаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг баталсан. Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр газар чөлөөлөх ажлыг төлөвлөжээ. Мөн 5 байршилд 2 тэрбум орчим төгрөгийг газар чөлөөлөлтөд зориулах аж.

Одоогоор эрх шилжих ажил хийж байгаа бөгөөд эрх шилжсэний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдлаа.