УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээлээ

 УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Урин цагийн уур амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган нээж байгааг тэмдэглэж, Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгааг эхэнд тэмдэглэв. Гэхдээ цар тахал томуу өвчний хэлбэрт шилжиж шинэ хувилбар дахин дэгдэх магадлалтайг анхаарч халдварт өвчнөөс сэргийлэх хэвшсэн дадлаа хадгалахыг анхааруулав. 

Мөн тэрбээр, цар тахлын аюул намжсан ч олон улсын нөхцөл байдал хурцдаж байгааг дурдаад, Монголчууд эв нэгдэлтэй байх, мэдээллийн дайны үед нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж болохгүйг сануулав. 

Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улсын мэргэжлийн байгууллагын гаргасан төсөөллөөс бага байгааг учирлаад, "Дотоодод цар тахал хумигдаж байгаа ч хөрш орнууд энэ чиглэлд барьсан хатуу бодлогоос шалтгаалан манай орны экспорт буурсан нь эдийн засгийн хүндрэл болж байна" гэв. 

Тухайлбал, 2022 оны эхний хоёр сарын байдлаар, төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 13-97 хувиар буурч, төлбөрийн тэнцэл 2022 нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үнийн өсөлт эрчимжиж, улсын хэмжээнд имфляц 14.2 хувьд хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Олон улсны тавцанд үүссэн хурцадмал байдал нь имфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалт зэргээр иргэдийн амьжиргаа, эдийн засагт сөрөг нөлөөлж болзошгүй тул төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, имфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна" хэмээгээд, Үнийн өсөлтийг хязгаарлаж эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд дараах асуудалд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Үүнд, 

  • Нэг. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтэгэдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээ авах.
  • Хоёр. Экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих. Мөн зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх.
  • Гурав. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж ирэх жил Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа тул өрийн удирдлагын төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцэн баталж шинэчлэх.
  • Дөрөв. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх.
  • Тав. Үнийн өсөлт эмзэг бүлэгт хүнд тусах магадлалтай тул нийгмийн халамжийг түүнд чиглүүлэх хэмээн тэмдэглэв.

Тэрбээр, "Эрсдэлийн цаана ч боломж байгааг харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй. Дэлхийн зах зээлд атны унцын ханш 2000 ам.долларт дөхсөн. Нүүрс тонн тутамдаа 300 юанаар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн 10 жилд хамгийн дээш түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэж тонн нь 15 мянган ам.долларт хүрэх тооцоог шинжээчид гаргасан. Монгол Улс Ази-Европыг холбосон худалдааны зангилаа байх боломжтой гэж үзэж байгаа" хэмээв. 

УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.