МАН-ын 9 гишүүнийг гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгожээ

МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулж гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгосон тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цахим хуудсандаа мэдээлэв. 

МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байгааг тэрээр эхэнд нь онцлоод, "Хөгжлийн банканд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудал МАН болон иргэдийн анхаарлын төвд байгаа"-г тэмдэглэв. 

Тус намын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн сарын 18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гаргаж Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан байна. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болжээ. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 23-нд уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан байна. Уг тогтоолд, Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачилгаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Эдгээр намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" хэмээн мэдээлэлдээ тодотгожээ.

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 
  9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн